Монгол улсын үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг

Монголын өнөөгийн нийгэм нь Үндсэн хуулийг боловсруулж байсан 1991 оны үеэс ихээхэн өөрчлөгдсөн бөгөөд эдгээр нийгэм, эдийн засаг, улс төрийн өөрчлөлтөөс хамаарч Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүсч байна. Тодруулбал, шинэ Үндсэн хуулийн дэглэм үйлчилсэн 25 жилийн хугацаанд төрийн эрх мэдэл хоорондын харилцан хяналт-тэнцлийг хангах, улс төрөөс хаараат бус, мэргэшсэн чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх, засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх, төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлж, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулахтай холбогдсон зарим нэг асуудлыг шийдвэрлэх шаардлага нийгмийн хөгжлөөс урган гарч байна. Иймд Улсын Их Хурлын даргын 78 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг долоо хэмжиж, нэг огтлох зарчмын дагуу монголын нийгэм дэх Үндсэн хуулийн ач холбогдлыг хэвээр хадгалах, Үндсэн хуулийн үндсэн бүтцийг эвдэхгүй, харин улам бэхжүүлэх шаардлагатай гэж үзэж Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулж 21 аймаг даяар зохион байгуулж байна. 2017 оны 08 сарын 08-ны өдөр Ховд аймгийн ЗДТГ, Хөгжимт драмын театрт уг хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөлөө.