МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРТ 18,3 САЯ ХҮН АМЬДРАХ ДААЦТАЙ

2023-03-20
МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРТ 18,3 САЯ ХҮН АМЬДРАХ ДААЦТАЙ
Монгол Улсын нутаг дэвсгэрт газар ашиглалтын хэлбэр, газрын гадарга, уур амьсгал, усны нөөц зэрэг байгалийн нөхцөл, нөөцөөс хамаараад 18,3 сая хүн тогтвортой түвшинд амьдрах даацтайг Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл (ХАНСХЕТ)-ийн судалгаагаар тогтоогджээ. Улаанбаатар хот болон Төв аймгийн хүн амын суурьшлын даац 25,6 хувиар хэтэрсэн. Харин бусад аймгууд тэр дундаа Сэлэнгэ, Дархан, Дорнод, Хэнтий, Хөвсгөл зэрэг аймгуудын газар нутгийн хүн амын суурьшлын даац ашиглалтын хамгийн их нөөцтэй байна.
Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл(ХАНСХЕТ)-ийг боловсруулж хэрэгжүүлэхээр “Алсын хараа-2050”, Хот байгуулалтын тухай хууль, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасны дагуу БХБЯ-ны харьяа "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-ын бүтцэд 2 хэлтсийг шинээр байгуулан тус төслийг боловсруулах ажлыг ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн, МУИС, ШУТИС-ийн эрдэмтэд, салбарын мэргэжлийн байгууллага, судлаачдын оролцоотойгоор хамтран гүйцэтгэж байна.
ХАНСХЕТ-ийн зорилго нь 2040 он хүртэл хүн амын өсөлтийн хэтийн тооцоог гаргаж, нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоо бүхий аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам тээвэр, инженерийн болон нийгмийн дэд бүтцийн салбарын төлөвлөлтийг багтаасан нутаг дэвсгэрийн хөгжлийн орон зайн оновчтой төлөвлөлтийг боловсруулах явдал юм.
Санал асуулга
© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР