Бидний ажлын бүтээмж, иргэдийн сэтгэл ханамж зорилготой ажиллаж байна

2016-02-17

Танай байгууллага 2015 онд чамгүй олон ажил амжуулсан. Хийсэн гол гол ажлуудаасаа танилцуулахгүй юу? Манай байгууллагын хувьд 2015 онд нилээн томоохон  ажлуудыг хийсэн. Хот байгуулалтын хувьд  2015 онд Ховд аймгийг 2030 он хүртэлх хот хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хийгдэж, аймгийн ИТХ-аар дэмжигдэж 3-р сард экспертизээр батлагдсан. Засгийн газрын хуралдаанаар орж шийдэгдэнэ. Хот хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг  ерөнхийд нь  төлөвлөж бүсчилж, хэсэгчилсэн төлөвлөгөөнүүд зайлшгүй хийх ёстой. Ерөнхий төлөвлөгөөгөөр бүсчилнэ гэдэг нь бүсчлэлийн  хэсэгт  орон сууцны хороолол байна гэдгийг ерөнхий төлөвлөгөөгөөр тогтоож хэдэн айлын орон сууц байх, хэдэн давхар барилга байгууламж баригдах, хэдэн барилга барих, зам хаагуур явах, барилгууд нь хаашаа харах зэрэг нарийвчилсан төлөвлөгөө нь хэсэгчилсэн төлөвлөгөөнд ордог. Хэсэгчилсэн төлөвлөгөөг аймгийн ИТХ-р батлуулснаар цаашид ажил хэрэг болж явах ёстой. 2015 онд манай байгууллага 2 хэсэгчилсэн төлөвлөгөөг хийлгэсэн. Шинэ суурьшлын бүсэд 29,2 га газарт хэсэгчилсэн төлөвлөгөө хийгдээд 5 сарын 28-ны аймгийн ИТХ-аар оруулсан.Шинэ суурьшлын бүсэд 1 га газар дээр хэсэгчилсэн төлөвлөгөөг хийлгэсэн. 2014 онд мөн 456 айлын орон сууцны хорооллын хэсэгчилсэн төлөвлөгөө батлагдсан. Зайлшгүй хийх шаардалагтай хэсэгчилсэн төлөвлөгөөнүүд хийгдэж  тухайн барилгад 456 айл байна гэсэн тоо тогтчихвол 456 айлын  цэвэр усны, дулааны хэрэглээ, гадна шугам сүлжээний ажлууд хийгдэнэ.

Танай байгууллага барилгын сорилт шинжилгээний лабораторитой болох тухай яригдсан.Хэрвээ лабораторитой болчихвол ямар давуу тал бий болох вэ?

2015 онд манай байгууллага барилгын чиглэлээр барилгын материалын сорилт шинжилгээний лабораторио итгэмжлүүлэхээр Стандарт хэмжил зүйн газарт  өргөдөл гаргасан. Монгол улсын хувьд сорилтын 101 итгэмжлэгдсэн лаборатори байдаг.Түүнээс    зөвхөн  5 барилгын материалын итгэмжлэгдсэн лаборатори байдаг. Үүний нэг нь Дарханы ШУТИС-н лаборатори, нөгөө 4 лаборатори нь Улаанбаатар хотод байдаг. Барилгын материалын итгэмжлэгдсэн лабораторт шинжилгээ хийх шаардлагатай тохиолдолд бүх аймгууд хот руу явдаг. Хэрвээ манай лаборатори итгэмжлэгдвэл баруун бүсдээ тэр тусмаа хөдөө орон нутагт анхны итгэмжлэгдсэн лаборатори болох юм. Бид итгэмжлэгдсэн лабораторийн өргөдөл гаргаад Стандарт хэмжил зүйн газрын даргын тушаалаар ажлын хэсэг урьдчилсан үнэлгээг  хийсэн. Урьдчилсан үнэлгээгээр манай байгууллага итгэмжлэгдэх боломжтой, техник хэрэгслийн, бичиг баримтын хувьд хангалттай бүрдүүлэлт хийсэн. Үйл ажиллагаа явуулж орлого олсон болохоор итгэмжлүүлэх шаардлага хангасан. Итгэмжлүүлэхийн тулд маш өндөр шалгуурууд байна. MNS/ISО/IES17025 гэсэн стандартаар итгэмжлэгддэг. Энэ стандартыг хангахын тулд  бичиг баримт, тоног төхөөрөмжийн хувьд нилээд ажлыг бүрдүүлсэн. Энэ оны 01:07-ны өдөр Стандарт хэмжил зүйн газарт манай байгууллага лабораторио итгэмжлүүлэхийн тулд шаардлагатай бүх материалаа бүрдүүлж өгсөн. 1-р сардаа багтаагаад стандарт хэмжил зүйн газрын техникийн хороогоор орж, дүгнэлт гарвал итгэмжлэгдэж байна гэсэн үг. Итгэмжлэгдвэл цаашлаад гааль, мэргэжлийн хяналтын байгууллагуудтай хамтарч ажиллаад Ховд аймгийн  баруун хилээр орж ирж байгаа барилгын материалуудад хяналт тавиад  хамтарч ажиллана.

MNS/SО/IES17025 итгэмжлэгдсэн тохиолдолд Олон улсад хүчинтэй. Манай аймагт орж ирж ашиглагдаж байгаа барилгын материалуудыг манай лаборатори шинжлээд баталгаатай гэж үзвэл оруулах тал дээр гааль, хяналтын байгууллагуудтай хамтарч ажиллана.

Барилгын материалын тухайд 2015 онд аймгийн хэмжээнд хэдэн барилгын материал үйлдвэрлэдэг үйлдвэр, аж ахуй нэгж бий.Тэдгээр үйлдвэрүүд тусгай зөвшөөрөл, зориулалтын ажлын байртай эсэх тусгай зөвшөөрөл, тохирлын гэрчилгээ авсан уу гэдгийг шалгасан.Судалгаа гаргасан. Аймагт тусгай зөвшөөрөлтэй компани ховор байна. Ялангуяа даацын хийц, хучилтын хавтан үйлдвэрлэж байгаа компаниуд бол заавал тусгай зөвшөөрөлтэй байх ёстой.  “Western hold”, “Ховдын Мөнх түшиг”  компаниуд тусгай зөвшөөрөлтэй. Манай байгууллагын лаборатори итгэмжлэгдчихвэл тохирлын гэрчилгээ олгох эрхтэй болно.

 

Газрын асуудал гэхээр зөвхөн хот дотор л ярьдаг.Гэтэл Монгол орны газар нутгийн 90 хувийг бэлчээр эзэлдэг.Тэгэхээр бэлчээрт төлөвлөлт гэж бий юу?

Манай байгууллага  барилга хот байгуулалт, газрын удирдлагын гэсэн хэлтэстэй. 2015 онд газрын удирдлагын хэлтэс бэлчээрийн менежментийн чиглэлээр Дуут, Чандмань сумуудад жишиг байдлаар “Ногоон алт” төсөл хэрэгжсэн  аяны хүрээнд улсын хэмжээнд Чандмань сум ажлаараа шалгарч байр эзэлсэн. Швецарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй Монгол улсад хэрэгжиж байгаа энэ төсөл нь бэлчээрийн менежментийг боловсронгуй болгох, бэлчээрийг зөв зохистой ашиглах нь гол зорилготой. Жишээ нь Монгол улсын газар нутгийн 80 орчим, Ховд аймгийн 90 орчим хувийг бэлчээр эзлээд байна. Ховд аймгийн 76000 га газрын 90 орчим хувийг бэлчээр эзлэдэг боловч  газрын төлөвлөлт хийгдэж байгаагүй юм. 5 хүрэхгүй хувийг эзлэдэг хот тосгоны газарт л газрын төлөвлөлт хийгддэг.Бэлчээрт дорвитой ажил хийгддэггүй.  Ногоон алт төсөл нь энэ бэлчээр лүү чиглэж байна. Бэлчээрийг зөв зохистой ашиглах, бэлчээрийн талхлалтын бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Ургамлын навчит хэсгийг 50 хувь хүртлэх хувийг мал идэхэд гэмтдэггүй.Харин 50 хувиас дээш идвэл үндэс нь гэмтээд цаашлаад ургамал сэргэх боломжгүй болдог. Ингэж талхлахгүйгээр сэргээх боломж байна гэдгийг иргэд, малчдад ойлгуулах зорилгоор ногоон алт төсөл ажилладаг. Ингэхийн тулд маш олон ажил хийгдэж байна.  Фото-мониторингийн арга гэж байдаг. Энэ нь Фото-мониторингийн цэг олоод бэлчээр тус бүр дээр, хээрийн бүс, уулын бүс гэж ангилан тэр хэсгүүдээсээ нэг цэг сонгодог. Чандмань сум гэхэд 8 цэгтэй энэ 8 цэгээсээ Фото-мониторингийн аргаар бэлчээрийн даацыг тодорхойлоод  нэгж квадратад байгаа ургамлын тоо, даацыг тодорхойлж,тухайн бэлчээр  хэдэн хонин толгойд тохирох даацтай байна гэдгийг тодорхойлно.

Бэлчээрийн даацыг тодорхойлоход малчид,иргэдийн оролцоог яаж санал бодлыг нь тусгадаг юм бэ?

Чандмань сумаар жишээ авахад Талын булаг  гэхэд тухайн багийн хэсэгт хэдэн хонин толгой мал өвөлжих, намаржих, зунших, хаваржих  боломжтой тооцоог нь эхлээд гаргадаг. Үүнийгээ багийн иргэдийн хурлаараа хэлэлцээд багийн иргэдийн хурлаар малчидтайгаа хуралдаж шийдвэрээ гаргадаг. Зун  6 сарын 20-н гэхэд зусландаа гарах хэрэгтэй.Тэгэхгүй бол бидний намаржаа, хаваржааны газрууд   талхлагдана  гэдгээ тодорхойлоод үүнийхээ дагуу бэлчээрээ зөв зохистой ашиглана. Ногоон алт төслөөс Чандмань сумын Талын булаг баг дээр судалгааны цэг байгуулсан. Энэ нь хааш хаашаа 100 м торлоод хашаалсан талбайг торлон хамгаалсан. Нэг жилийн хугацаатай торлоход талбай  сэргэлт авч байна Үүнийг малчдад ойлгуулахын тулд ажиллаж байна. Манай Дуут, Чандмань сум бэлчээрийн төлөвлөлтөөрөө улсад түрүүлж Чандмань сумын тамгын газраас мал хөгжлийн тасгийн  даамалтай 5 хүн Орос руу аялах эрхээр шагнуулсан.

Манайхны ярьдгаар хогийн хар буюу хогийн цэг байсан газрыг сэргээж үйлдвэр байгуулсан шүү дээ.Тэнд яаж төлөвлөлт хийгдсэн бэ?

2015 оны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө 2014 оны 12 сарын 5-нд батлагдсан. 2015 оны 5 сарын 28-нд аймгийн ИТХ-ын ээлжит бус хурлаар 2015 оны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Нэг онцлох зүйл юу байсан бэ? гэхээр ерөнхий төлөвлөгөөгөөр үйлдвэрийн бүс гэж заасан хэсэгт Ховд аймгийн хогийн хэсэг маш их байсан. Тэр хогийг орон нутгаас багагүй хэсгийг цэвэрлэсэн. 2014,2015 онуудад ээлж дараатайгаар 100-гаад га газрын цэвэрлэсэн.  Газрын тухай хуульд  элэгдэлтэнд орж ашиглалтгүй орхигдсон газрыг эргэн сэргээсэн иргэн, аж ахуй нэгж байгууллагад давуу эрхтэйгээр эзэмшүүлнэ гэсэн заалт бий. Энэ заалтыг үндэслээд аймгийн ИТХ-д санал оруулсан манай байгууллагаас 20,4 га газрыг төлөвлөгөөндөө оруулья. Тэгээд цэвэрлэх хүсэлтэй  иргэдийг  оруулахар болсон. 5 сарын 28-ны хурлаар 40,4 га газар болгож, батлаад батлагдсны дараагаар 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг манай байгууллагаас аймгийн засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн ахлагч миний бие, Жаргалант сумын засаг дарга Баасандорж, хотын захирагчийн ажлын албаны Ойдов, Эрч хүч Энхмандах, манайхаас геодезийн мэргэжилтэн Цэцэн нарын 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гаргаж хуралдсан. Хурлаар  40,4 га газрыг элэгдэл, доройтолд орсон үгүй гэдгийг  иргэд ойлгохгүй учир Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас дүгнэлт гаргуулж, улсын байцаагчийн дүгнэлт гарсан. Хогийн цэгт байгаа 40,4 га газар нь гарцаагүй хүний буруутай үйл ажиллагаанаас болж элэгдэл доройтолд орсон газар гэсэн дүгнэлт гарсан. Дүгнэлтийг үндэслээд ажлын хэсэг ярилцаад энэ газраас цэвэрлээд авсан иргэдэд шууд эзэмшүүлэх гэрчилгээг олгохоор  14 хоногийн хугацаатай зарыг Ховд телевиз, сонин, вэб сайт,фейсбоокээр зарлаж нийтдээ 8 өргөдөл ирсэн.Иргэний 8 өргөдлийг дарааллаар нь шийдсэн.

Ингэхдээ ерөнхий төлөвлөгөөгөөр явах замын хэсгийг цэвэрлэхгүй учир нь орон нутгаас өөрсдөө цэвэрлэж  төрийн мэдэлд үлдээх газраа цэвэрлэхгүй.Дундуур нь ерөнхий төлөвлөгөөгөөр явах замыг Ховдоос Толбо сум руу чиглэх зам тавих компаний техник хэрэгслийг ашиглан дундуур явах замыг цэвэрлэсэн.Тэр 11,3 га газар  нь төрийн мэдэлд үдсэн. Үлдсэн газруудыг өргөдөл ирсэн дарааллын дагуу ажлын хэсэг дуудаж уулзаад гэрээ байгуулсан.

 Гэрээний загвар, гэрээний төслийг ажлын хэсэг ярьж байгаад гэрээг 12-сарын 1-ны дотор цэвэрлэж хүлээлгэж өгөх  хэрэгтэй гэдгийг заасан. Хугацаандаа цэвэрлээгүй бол дараагийн хүнд шууд заана ч гэдэг юм уу? Гэрээний төсөл бэлдээд эхнээсээ  цэвэрлээд комисс хуралдаад газар дээр нь очоод чанартай цэвэрлэж үү? Үгүй юу гэдэг дээр  хяналт тавиад иргэдэд хүлээж авсны дараа комисс хуралдаж дүнгээ гаргасан. Жаргалант сумаас  газар  олгогдоод гэрчилгээг өгсөн.

 Нийтдээ 40,4га газраас цэвэрлээгүй 5,3 га газар үлдсэн. Хамгийн эхэнд өргөдөл ирүүлсэн  иргэн Батболд иргэн шахмал түлшний үйлдвэр байгуулсан. 5,8 га газар заалгаж аваад өөрөө сонгож ирсэн дарааллын дагуу сонгоод 5,8 га газрыг бүрэн цэвэрлэсэн. Цэвэрлэхэд нийтдээ 33,1 сая төгрөг зарцуулсан тайлан манайд ирүүлсэн. Орон нутгийн зүгээс бид хогтой байсан цэгийг цэвэрлүүлээд иргэдэд ерөнхий төлөвлөгөөгөөр үйлдвэр барих зориулалттай тул үйлдвэр байгуулсан. Одоо иргэн Батболд тэнд  шахмал түлш үйлдвэрлээд эхэлсэн.

Аймгийн ИТХ-ын 9 дүгээр хуралдаанаас төлөөлөгчид элэгдсэн газрыг цэвэрлэж үйлдвэр байгуулсан ажлыг  дэмжиж дахин газар нэмж олгохоор болсон юм уу?

 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлахад энэ ажил сайшаасан. ИТХ-аас энэ онд ахиад 3 0 га нэмж оруулсан.Төлөвлөгөө батлагдсан учраас ойрын хугацаанд зар тавиад ирсэн өргөдлийн дагуу газры нь зааж өгнө.

Барилга байгууламжид чиглэсэн хөдөлмөрийн аюулгүй байдал,эрүүл ахуйн чиглэл өгөхөд яаж анхаарч ажилладаг вэ?

Манай байгууллага 2015 онд барилга байгууламжийн чиглэлээр хөдөлмөр хамгаалалтанд анхаарлаа хандуулж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр барилгын компаниудад чиглэсэн үйл ажиллагаа явууллаа. Барилгын хөгжлийн төвтэй хамтраад хөдөлмөр хамгаалал, эрүүл аюулгүй ажиллагааны  чиглэлээр сургалт зохион байгуулсан. 2013 онд манай байгууллагаас хөдөлмөр хамгааллын сургалт зохион байгуулж байсан. Энэ сургалтын сертифекат нь 2 жилийн хугацаатай учраас 2015 онд давтан сургалтанд сууна. 2013 оны сургалтанд Увс аймгаас хүмүүс ирж оролцсон. 2015 оны хувьд Баян-Өлгий аймгаас 5 хүн ирж оролцсон бүсийн хэмжээний хөдөлмөр хамгааллын сургалт болж нийтдээ 25 хүн оролцсон. Давуу тал нь барилгын компаниуд  хөдөлмөр хамгааллын чиглэлээр хүмүүс сургая гэхээр Улаанбаатар  явах зардал гардаг тэгэхээр Улаанбаатарт болдог сургалттай адил үнэ,цэнэтэй сургалт манайд болдог. Сургалт барилгын компаниудад хэрэгтэй сургалт болж чадсан.

Цаашдаа 2016 ондоо барилгын хөгжлийн төвтэй хамтраад хөдөлмөр хамгаалал гэхгүйгээр мэргэжилтэй ажилчдад зориулсан сургалт зохион байгуулна. Үүнд засалчид, кранистууд, подем өргөдөг хүмүүст гэрчилгээ олгодог сургалт. Барилга дээр өргөн ашиглагддаг цахилгаанаар ажилладаг дээш доошоо гүйдэг подемыг сертификаттай хүн ажиллуулахгүй бол мэргэжлийн бус хүмүүс осол аваар гарах магадлалтай. Мөн каранистуудад зориулсан сургалтыг хамтарч зохион байгуулахаар Барилгын хөгжлийн төвтэй ярьсан.Зарим төрийн байгууллага, аж ахуй нэгжүүдэд галч хийдэг хөдөө орон нутгийн хүмүүсийг  нэгдсэн журмаар сертифекатжуулж сургалт зохион байгуулна.

2016 онд танай хамт олон ямар зорилт дэвшүүлээд ажиллаж байна вэ?

2016 онд бид байгууллагынхаа нийт ажилтнуудын хурлаар  “бидний ажлын бүтээмж, иргэдийн сэтгэл ханамж” гэсэн  зорилт тавьж  3 зорилт дэвшүүлсэн.Ил тод нээлттэй, түргэн шуурхай үйлчилгээ, соёлтой эелдэг харьцаатай ажиллах зорилт дэвшүүлээд ажиллаж байна.

2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тухайд  аймгийн ИТХ-ын 9-р хуралдаанаар батлагдсан. Хурлын тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан 2016 онд иргэн, аж ахуй нэгжид үйлдвэр үйлчилгээний зориулалттаар  эзэмшүүлэх газар  133,791 га газрыг Ховд аймгийн хэмжээнд газрыг эзэмшүүлнэ. 2-р хавсралтаар  Иргэнд гэр бүлийн хэрэгцээгээр шинээр өмчлүүлэх газар 144,72 га газрыг өмчлүүнэ. Жаргалант сумд Мандах наран  хороолол нэртэй модог овоо чиглэл рүү суурьшлын бүс үүсгэхээр 714 иргэн 49,9 га газрыг өмчлүүлнэ.2016 онд энэ газар 714 иргэний өргөдөл аваад өмчлүүлнэ гэсэн үг. Улаан богоч хороололд иргэд хашаа авахгүйгээр газраа заалгаж аваад өөрсдөө хашаагаа барья гэсэн иргэдийн өргөдөл ирж, тэнд 35 хашаа үлдсэн ба35 иргэний 2,45 га газрын 35 өргөдөл авна.

3-р хавсралтанд эзэмшиж байгаа газрыг үнэгүй эзэмшүүлэх хавсралт байгаа 68,67 га газар энэ нь Жаргалант сумын хэмжээнд газраа өмчлөөгүй иргэдийн судалгаа гаргана.Бүх хашаануудыг өмчлөөгүй байгаа тоог нь гаргаад Жаргалант сумын хэмжээнд эзэмшлийн гэрчилгээтэй өмчлөөгүй газрын судалгаа гаргана.Хот төлөвлөлтийн ерөнхий төлөвлөгөө, замын трасд орсон   айлуудыг өмчлөх эрхэд оруулахгүй. 4-р хавсралтанд гэр бүлийн хэрэгцээнд тарьмал, ургамал, төмс, хүнсний ногоог тариалах зориулалтаар 1342 га газрыг аймгийн баталсан. Бусад нь дахин төлөвлөлт, бэлчээрийг сайжруулах, нийтийн эдэлбэр газрын төлөвлөлт, хадлангийн зориулалттай сумуудад, Бэлчээрийг сайжруулах арга хэмжээний төлөвлөлтөнд нийтдээ 25000 га газрыг энэ онд хамруулаад байна.

ГАЗРЫН ХАРИЛЦАА БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА:  Д.НЯМТУЛГА

 

Санал асуулга
© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР