Үндэсний Геопортал гэж юу вэ?
Дэлхий нийтийн аж үйлдвэрийн 4-р хувьсгал, Монгол улсын цахим шилжилттэй холбоотой байрлалд суурилсан их өгөгдөл, орон зайн дэд бүтцийг байгуулах, цахим орчинд орон зайн мэдээллийг бүрдүүлэх, түгээх, төр болон хувийн хэвшил, иргэдийн хамтын ажиллагааг бий болгох, төрийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй явуулахад орон зайн цахим системийг байгуулах нэн шаардлага тулгарч байна.
2018 оны наймдугаар сард АНУ-ын Нью-Йорк хотод болсон НҮБ-ын Орон зайн мэдээллийн менежментийн Зөвлөхүүдийн хорооны наймдугаар хурлаар Орон зайн мэдээллийн нэгдсэн хүрээг баталсан бөгөөд энэхүү баримт бичгийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх зорилгоор Зөвлөхүүдийн хорооноос "Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хөгжиж буй орнуудын орон зайн мэдээллийн менежментийн чадавхыг бэхжүүлэх" төслийг Африк, Ази, номхон далайн бүр нутгийн хөгжиж буй зургаан улсыг сонгон 2021 он хүртэл гурван жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр болсон бөгөөд зургаан улсын нэгээр Монгол улсыг сонгосон нь манай улсын үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулах, орон зайн мэдээллийн хэрэглээг өргөжүүлэх ажлын эхлэл болсон.
Тэгвэл бид өнөөдөр цахим шилжилтийн хаана явна вэ.
Өнөөдөр Монгол улсад орон зайн өгөгдлийн сан бүрдүүлдэг, ашигладаг төрийн болон төрийн бус олон байгууллага байгаа бөгөөд эдгээр сангуудын хоорондын уялдааг хангах, орон зайд дүрслэгдэх өгөгдөл, мэдээллийн нэгдсэн системийг бий болгох, орон зайн өгөгдлийн нэгдмэл байдлыг хангахтай холбоотой стандарт, баримт бичгийн зохицуулалтгүй явж ирсэн.
Үүний шийдэх гарц бол Үндэсний ГЕОПОРТАЛ цахим систем юм.
Үндэсний ГЕОПОРТАЛ цахим систем нь байгууллага хоорондын уялдаа холбоог ханган, нэгдсэн стандартын дагуу орон зайн өгөгдлийг бүрдүүлж ашигласнаар төсвийн давхардал, мэдээллийн шинэлэг, баталгаатай байдал хангагдах юм.