2010 оны 7 дугаар сарын 7-ны 185 дугаар ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ (Барилгын зураг төсөл)

2017-04-10

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ (Барилгын зураг төсөл) 2010 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хот Дугаар 185 Барилгын тухай хуулийн 5.1.5-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. “Барилгын зураг төсөл боловсруулах, түүнд магадлал хийх, барилгын үе шатны ажилд хяналт тавих, ашиглалтад оруулах хүрээнд зөвлөх үйлчилгээ үзүүлэх дүрэм”-ийг хавсралт ёсоор баталсугай. 2. Дүрмийн хэрэгжилтэд байнгын хяналт тавьж ажиллахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгад үүрэг болгосугай.                     Монгол Улсын Ерөнхий сайд                             С.БАТБОЛД                     Зам,тээвэр,барилга,хот                       байгуулалтын сайд                                             Х.БАТТУЛГА     Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 185 дугаар                                                                                                                     тогтоолын хавсралт                                                   БАРИЛГЫН ЗУРАГ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ, ТҮҮНД МАГАДЛАЛ                                                         ХИЙХ, БАРИЛГЫН ҮЕ ШАТНЫ АЖИЛД ХЯНАЛТ ТАВИХ,                                                                   АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ХҮРЭЭНД ЗӨВЛӨХ                                                                                 ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ДҮРЭМ                                                                                          Нэг. Ерөнхий зүйл  1.1. Барилгын зураг төсөл боловсруулах, түүнд магадлал хийх, барилгын үе шатны ажилд хяналт тавих, ашиглалтад оруулах хүрээнд зөвлөх үйлчилгээ үзүүлэхэд энэхүү дүрмийг мөрдөнө.  1.2. Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд заасан барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, түүнд магадлал хийх, барилгын үе шатны ажилд хяналт тавих, ашиглалтад оруулах хүрээнд зөвлөх үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой харилцааг энэ дүрмээр зохицуулахгүй.  1.3. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрх нь барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад бүртгүүлснээр үүснэ. Бүртгэлийг барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага зохион байгуулна.  1.4. Зөвлөх үйлчилгээ үзүүлэхдээ энэ дүрэм болон Иргэний хууль, Барилгын тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг удирдлага болгоно.  1.5. Зөвлөх нь үйл ажиллагаандаа хууль дээдлэх, бусдын нөлөөнд үл автах, хөрөнгө оруулагч (захиалагч)-ийн хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, нууцыг чанд хадгалах зарчим баримтална.  1.6. Зөвлөх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдон үүсэх, энэ дүрмээр зохицуулаагүй харилцааг Зөвлөх үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ (цаашид "гэрээ" гэх)-гээр нарийвчлан зохицуулна. Гэрээнд зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлын даалгавар, хөтөлбөр, график, үйлчилгээний хөлс болон гэрээний хугацаа, талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлага, гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгох нөхцөл, хөрөнгө оруулагч (захиалагч), зөвлөхийн харилцан тохиролцсон бусад асуудлыг тусгана.  1.7. Зөвлөх нь гэрээнд заасан ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн, үр дүнг хөрөнгө оруулагч (захиалагч)-д хүлээлгэн өгнө.  1.8. Зөвлөх нь дараахь зохион байгуулалтын хэлбэртэйгээр үйл ажиллагаа явуулна:  1.8.1. зөвлөх-хувь хүн;  1.8.2. зөвлөх-мэргэжлийн баг;  1.8.3. зөвлөх-компани.  1.9. Энэ дүрэмд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:  1.9.1. "зөвлөх үйлчилгээ" гэж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1.15-д заасан тусгай мэдлэг, ур чадварын үндсэн дээр үзүүлж байгаа төсөл зохиох, хэрэгжүүлэх, сургалт явуулах, техникийн туслалцаа үзүүлэх, түүнчлэн судалгаа шинжилгээ хийх, зураг төсөл боловсруулах, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих мэргэжлийн үйлчилгээг;  1.9.2. "зөвлөх-мэргэжлийн баг" гэж зөвлөх-хувь хүмүүс тодорхой хугацаанд хамтран ажиллах зорилгоор Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасны дагуу бичгээр байгуулсан хамтран ажиллах гэрээний үндсэн дээр мөн хуулийн 481.1-д заасан бүртгэгдээгүй нөхөрлөлд зохион байгуулагдсаныг.                                                               Хоёр. Зөвлөх сонгон шалгаруулах  2.1. Хөрөнгө оруулагч (захиалагч) нь төрийн байгууллага бол зөвлөхийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журмын дагуу сонгон шалгаруулна.  2.2. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулагч (захиалагч) нь зөвлөхийг шууд сонгож болно.  2.3. Зөвлөхийн чадавхийг үнэлэх, урьдчилан сонголтыг явуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12, 13 дугаар зүйлийг удирдлага болгоно.  2.4. Хөрөнгө оруулагч (захиалагч) зөвлөхийг сонгохдоо мэргэжлийн ур чадварыг нь харгалзана.  2.5. Дараахь этгээдийг зөвлөхөөр авч ажиллуулахыг хориглоно:  2.5.1. захиалагч, гүйцэтгэгч болон барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, түүнд магадлал хийх, барилгын үе шатны ажилд хяналт тавих, ашиглалтад оруулах ажилд оролцогч бусад этгээдтэй гэр бүл, төрөл садангийн холбоотой;  2.5.2. захиалагч, гүйцэтгэгч болон барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, түүнд магадлал хийх, барилгын үе шатны ажилд хяналт тавих, ашиглалтад оруулах ажилд оролцогч компанийн хувьцааны 5-аас дээш хувийг эзэмшигч;  2.5.3. гэр бүл, төрөл садан нь тухайн компанийн эрх бүхий этгээд (төлөөлөн удирдах зөвлөл, хамтын гүйцэтгэх удирдлагын гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн).                                                                   Гурав. Зөвлөх үйлчилгээний ангилал  3.1. Зөвлөх үйлчилгээг дараахь байдлаар ангилна:  3.1.1. хөрөнгө оруулалтын судалгаа хийх;  3.1.2. хот байгуулалтын баримт бичиг, барилга байгууламжийн зураг төсөл, норм, норматив боловсруулалтын болон архитектур төлөвлөлт, инженерийн техникийн шийдлийн түвшинг тогтоож, магадлал хийж баталгаажуулах;  3.1.3. барилгын ажил гүйцэтгэх явц, ашиглалтын үеийн чанар, аюулгүй байдлын төлөвт хяналт тавин үзлэг хийж, үнэлэлт дүгнэлт өгөх;  3.1.4. барилгын материалын үйлдвэрлэлийн технологи, хийц бүтээц, эдлэхүүний чанар, аюулгүй байдлын баталгаажуулалт хийх;  3.1.5. барилгын ажлын механикжуулалт, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, оношилгоо, засвар, техникийн үйлчилгээ, тохируулга, зүгшрүүлэлт хийх технологи, аргачлал боловсруулах;  3.1.6. төслийн удирдлага, зохион байгуулалт, үйлдвэрлэл технологийн зөвлөгөө өгөх.                                                       Дөрөв. Зөвлөх үйлчилгээний ажлын бүрдэл  4.1. Хөрөнгө оруулалтын судалгаа хийх зөвлөх үйлчилгээнд дараахь ажил хамаарна:  4.1.1. хөрөнгө оруулалтын урьдчилсан судалгаа хийх;  4.1.2. төслийг хэрэгжүүлэх боломж, үндэслэлийг тогтоох;  4.1.3. төслийн техник-эдийн засгийн үндэслэл, төсвийн төслийг боловсруулах;  4.1.4. төсөл хэрэгжүүлэх байгууллагын талаар санал боловсруулах.  4.2. Хот байгуулалтын баримт бичиг, барилга байгууламжийн зураг төсөл, норм, норматив боловсруулалтын болон архитектур төлөвлөлт, инженерийн техникийн шийдлийн түвшинг тогтоож, магадлал хийж баталгаажуулах зөвлөх үйлчилгээнд дараахь ажил хамаарна:  4.2.1. барилгын дүрэм, норм, нормативын стандарт, хийц хэсгийн альбом, каталоги боловсруулалтын түвшинг тогтоох;  4.2.2. барилгын зураг, төслийн даалгавар боловсруулах;  4.2.3. инженер геологи, геодезийн хайгуул, судалгааны ажлын чанарын түвшинг тогтоох;  4.2.4. технологи болон инженерийн ажлын дэлгэрэнгүй тойм-эх загвар зураг гаргах буюу техникийн зураг төсөл боловсруулах;  4.2.5. инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулахад ажлын тоо хэмжээг тодорхойлж, төсөвт өртгийн тооцоо хийж тогтоох;  4.2.6. барилгын ажилд тавигдах техникийн шаардлага боловсруулах;  4.2.7. тендерийн баримт бичгийн төсөл боловсруулах;  4.2.8. архитектур төлөвлөлт, инженерийн техникийн шийдлийн түвшинг тогтоох, магадлал хийх;  4.2.9. хот байгуулалтын баримт бичиг, барилга байгууламжийн зураг төсөл, техник-эдийн засгийн үндэслэл, төсөв тооцоонд судалгаа хийж, түвшинг тогтоох.  4.3. Барилгын ажлын гүйцэтгэлийн явцад үнэлэлт, дүгнэлт өгөх зөвлөх үйлчилгээнд дараахь ажил хамаарна:  4.3.1. барилга байгууламжийн ашиглалтын үеийн чанар, аюулгүй байдалд үнэлэлт дүгнэлт өгөх;  4.3.2. барилга байгууламжийн чанар, технологид үнэлэлт дүгнэлт өгөх, тухайн барилга байгууламж батлагдсан зураг төсөл, техникийн шаардлагын дагуу баригдаж байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх;  4.3.3. технологийн тоног төхөөрөмжийн суурилуулалт, тохиргоо, зүгшрүүлэлтийн үйл ажиллагааны технологи, аргачлал боловсруулах.  4.4. Барилгын материалын үйлдвэрлэлийн технологи, хийц бүтээц, эдлэхүүний чанар, аюулгүй байдлын баталгаажуулалт хийх зөвлөх үйлчилгээнд дараахь ажил хамаарна:  4.4.1. барилгын материалын үйлдвэрийн технологийн тохируулга, зүгшрүүлэлт хийх;  4.4.2. тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар техникийн үйлчилгээ, технологийн зааврыг мөрдүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах;  4.4.3. тухайн барилгын ажилд шаардагдах материалын зах зээлийн эрэлт хэрэгцээ, үйлдвэрлэлийн технологийн дэвшил, аюулгүй ажиллагаа, хийц бүтээц, эдлэхүүний нэр төрөл, чанар, стандарт, ашиглалтын үеийн аюулгүй байдлын баталгаажуулалт хийж, эрдэс түүхий эд, материалын ашиглалт, боловсруулах технологи, түүхий эд материалын болон бүтээгдэхүүний орцын нормыг тодорхойлох;  4.4.4. үйлдвэрлэлийн технологийн заавар, бүтээгдэхүүний стандарт, бүтээгдэхүүнийг барилгад хэрэглэх аргачилсан заавар, үйлдвэрийн техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах, барилгын материалын үйлдвэрийн тоног төхөөрөмж угсрах, туршилт, тохируулга хийх арга ажиллагаа, шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн турших.  4.5. Барилгын ажлын механикжуулалт, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, оношилгоо, засвар, техникийн үйлчилгээ, тохируулга, зүгшрүүлэлт хийх зөвлөх үйлчилгээнд дараахь ажил хамаарна:  4.5.1. машин механизм, тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагааны талаар норматив баримт бичгийн төсөл боловсруулах;  4.5.2. өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэлийн талаар техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах;  4.5.3. инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах, төслийн ажлын тоо хэмжээг тодорхойлох, өртгийн тооцоо хийлгэх;  4.5.4. өргөх байгууламжийн угсралт, засвар, техникийн үйлчилгээ, оношилгоо, тохируулга, зүгшрүүлэлтийн ажлыг гүйцэтггүүлэх.  4.6. Төслийн удирдлага, зохион байгуулалт, технологийн зөвлөх үйлчилгээнд дараахь ажил хамаарна:  4.6.1. төслийн баримт бичгийн боловсруулалтыг хэрэгжилтийн үе шат бүрээр хянаж, баталгаажуулах ажиллагааны горим дарааллыг мөрдүүлэх;  4.6.2. зураг төслийн болон барилгын төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил, гүйцэтгэлийн чанар технологийн хяналтыг хэрэгжүүлэх;  4.6.3. төслийн багийн удирдамжийг боловсруулж, хэрэгжүүлэх явцад зөвлөгөө өгөх;  4.6.4. төслийн ажил, үйлдвэрлэлийн зохион байгуулалт, технологийн процессын төлөвлөгөөнүүдийн биелэлтийг хянах;  4.6.5. төслийн хэрэгжилтийн явцад гарсан өөрчлөлтийн үр дүнг тогтоох;  4.6.6. төслийн хэрэгжилтийг шуурхай удирдлагаар хангах, эрсдэлийн түвшинг тогтоох;  4.6.7. техник технологийн сонголт, шийдлийн талаар санал боловсруулах;  4.6.8. төслийн үе шатны болон эцсийн тайлан тооцоо, өгөөжийг тайлагнах, дүгнэх.                                                                 Тав. Зөвлөх-компани  5.1. Зөвлөх-компани нь энэ дүрмийн 3.1-д заасан зөвлөх үйлчилгээг үзүүлнэ.  5.2. Зөвлөх-компани зөвлөх үйлчилгээ үзүүлэх талаар дараахь эрх эдэлнэ:  5.2.1. шаардлагатай гэж үзвэл хөндлөнгийн магадлалын шалгалтыг хийлгэх. Шалгалтын явцад хөрөнгө оруулагч (захиалагч)-тай хамтран ажиллаж, түүнд шаардлагатай туслалцаа үзүүлэх;  5.2.2. хөрөнгө оруулагч (захиалагч)-аас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр гэрээнд заасан зарим ажлыг туслан гүйцэтгэгчээр гүйцэтгүүлэх;  5.2.3. гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай хөрөнгө оруулагч (захиалагч)-ийн эзэмшлийн эд хөрөнгийг түүний зөвшөөрөлтэйгээр ашиглах;  5.2.4. гэрээнд заасан ажлыг зохих ёсоор гүйцэтгэсэн боловч хөрөнгө оруулагч (захиалагч) гэрээг хугацаанаас өмнө цуцалсан тохиолдолд өөрт учирсан хохирлоо арилгуулахаар шаардах;  5.2.5. хууль тогтоомжид заасан бусад эрх.  5.3. Зөвлөх компани зөвлөх үйлчилгээ үзүүлэх талаар дараахь үүрэг хүлээнэ:  5.3.1. гэрээнд заасан ажлын явц, үр дүнг хөрөнгө оруулагч (захиалагч)-ийн хүсэлтээр цаг тухайд нь танилцуулах;  5.3.2. гэрээний хугацаа дуусгавар болсны дараа гэрээнд заасны дагуу хөрөнгө оруулагч (захиалагч)-аас авч ашиглаж байсан бүх эд хөрөнгийг буцааж хүлээлгэн өгөх;  5.3.3. энэ гэрээний 5.2.4-т заасан нөхцөл үүссэн тохиолдолд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу учирсан хохирлыг нөхөн төлөх;  5.3.4.Ажиллах хүч, нөөцийн талаар:  5.3.4.1. гэрээнд туссан мэргэжилтнүүдийн жагсаалтад байгаа мэргэжилтнийг солих зайлшгүй шаардлагатай тохиолдолд мэдлэг боловсрол, мэргэжлийн хувьд чадварлаг хүнийг томилон ажиллуулах бөгөөд уг ажилтныг солихтой холбоотой тээврийн болон бусад зардлыг зөвлөх өөрөө хариуцах;  5.3.4.2. гэрээнд заасны дагуу өөрийн болон туслан гүйцэтгэгчийн бүх гэрээт ажил, тайлан, мэдээг хөрөнгө оруулагч (захиалагч)-ийн өмнө бүрэн хариуцах.  5.3.5. Нөхөн төлбөр, даатгалын талаар:  5.3.5.1. хөрөнгө оруулагч (захиалагч)-аас нийлүүлсэн, эсхүл түүний санхүүжилтээр худалдан авсан, өөрийн эзэмшилд байгаа эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцаж, учруулсан гэм хорыг арилгах;  5.3.5.2. хөрөнгө оруулагч (захиалагч)-ийн санхүүжилтээр худалдан авах бүх бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ эрхийн зөрчилгүй болохыг баталж, учрах үр дагаврыг хөрөнгө оруулагч (захиалагч)-ийн өмнө бүрэн хариуцах.  5.3.6. хууль тогтоомжид заасан бусад үүрэг.                                                       Зургаа. Зөвлөх-мэргэжлийн баг  6.1. Зөвлөх-мэргэжлийн баг нь энэ дүрмийн 3.1-д заасан зөвлөх үйлчилгээг үзүүлнэ.  6.2. Зөвлөх-мэргэжлийн баг нь зөвлөх үйлчилгээ үзүүлэх талаар энэ дүрмийн 5.2, 5.3-т заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.                                                               Долоо. Зөвлөх-хувь хүн  7.1. Зөвлөх-хувь хүн нь дараахь чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлнэ:  7.1.1. гүйцэтгэх ажлын талаар гаргах судалгаа тооцоо, нэр төрлийг бэлтгэх, төсөлд шүүмж, нэмэлт, магадлал хийх;  7.1.2. салбарын бодлого тодорхойлох, судалгаа хийх, хөгжлийн төлөвлөгөө боловсруулахад оролцуулах буюу туслуулах;  7.1.3. зарим тусгай ажлыг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулагч (захиалагч), банкны болон санхүүжүүлэгчийн мэргэжилтнүүдэд төсөв, тооцооны талаар ямар нэгэн тусгай үйлчилгээ үзүүлэх;  7.1.4. аливаа төслийг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулагч (захиалагч) зээлдэгчид богино хугацааны зөвлөгөө, мэргэжлийн туслалцаа үзүүлэх;  7.1.5. энэ дүрмийн 3.1-д заасан ажлуудыг хэсэгчлэн гүйцэтгэх.  7.2. Зөвлөх-хувь хүн нь зөвлөх үйлчилгээ үзүүлэх талаар энэ дүрмийн 5.2, 5.3-т заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.                                                Найм. Зөвлөх үйлчилгээний ажлын үр дүн  8.1. Зөвлөх үйлчилгээний ажлын үр дүн болон зөвлөхийн боловсруулсан, эмхэтгэсэн зөвлөх үйлчилгээтэй холбоотой баримт бичиг, тайлан, албан захидал, хэвлэмэл материал, компьютерийн программ хангамж, газрын зураг, ажлын зураг, техникийн шаардлага, статистик мэдээ, техникийн өгөгдлүүд хөрөнгө оруулагч (захиалагч)-ийн өмч байна.                                                 Ес. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ  9.1. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх тухай гэрээг байгуулахдаа Монгол Улсын Иргэний хууль болон Олон улсын зөвлөх инженерүүдийн нийгэмлэг /FIDIC/-ийн загвар гэрээг үндэслэнэ.                                            Арав. Зөвлөх үйлчилгээний зардал, санхүүжилт  10.1. Хөрөнгө оруулагч (захиалагч) нь зөвлөх үйлчилгээний зардлыг тухайн төслийн зардлын нэг хэсэг болгон хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусган санхүүжүүлнэ. Зардлыг зах зээлийн тухайн үеийн ханшаар нарийвчлан тооцох бөгөөд төслийн төсөвт өртгийн 5 хувиас багагүйгээр тооцож, хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний төсөвт тусгана.  10.2. Зөвлөхийн зардлыг ажлын нэр төрлийн дэлгэрэнгүй задаргааны үндсэн дээр тооцно. Тооцоход бэрхшээлтэй зарим зардлыг бөөн дүнгээр тусгаж болно. Зардлыг ямар байдлаар тусгахыг хөрөнгө оруулагч (захиалагч) зөвлөх сонгохоос өмнө шийдвэрлэж, зардлын бүтцийг тендерийн баримт бичигт дэлгэрэнгүй тусгана.                                                         Арван нэг. Бүртгэлээс хасах  11.1. Дараахь тохиолдолд зөвлөхийг бүртгэлээс хасна:  11.1.1. компани татан буугдсан, эсхүл иргэн нас барсан;  11.1.2. бүртгүүлэхдээ хуурамч баримт бичиг бүрдүүлсэн нь тогтоогдсон;  11.1.3. барилгын хууль тогтоомжийг удаа дараа буюу ноцтой зөрчсөн нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон;  11.1.4. материал, тоног төхөөрөмж, техникийн норм, нормативын баримт бичгээр хангагдаагүй.                                                        Арван хоёр. Мэдээллийн сан  12.1. Барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрх бүхий этгээдийн тухай мэдээллийн санг хөтөлнө. Сан дараахь мэдээллийг агуулна:  12.1.1. зөвлөхийн нэр, үзүүлж байгаа үйлчилгээний төрөл, үйл ажиллагааны чиглэлийн тухай;  12.1.2. зөвлөх нь компани бол компанийн бүтэц, зохион байгуулалт, ажлын туршлагын тухай;  12.1.3. зөвлөх нь компани бол компанийн мэргэжилтнүүдийн жагсаалт, тэдгээрийн дадлага туршлага, мэргэжлийн ур чадварын тухай;  12.1.4. зөвлөх нь компани бол компанийн санхүүгийн чадавхийн тухай;  12.1.5. зөвлөх нь компани бол компанийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хангамжийн тухай.  12.2. Барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ дүрмийн 12.1-д заасан мэдээллийг цахим хэлбэрт оруулж, мэдээллийн сан үүсгэх, түгээх, ашиглах, түүний байнгын тасралтгүй үйл ажиллагаа, хадгалалт, хамгаалалт, нууцлалын найдвартай байдлыг хангана.  12.3. Цахим мэдээллийн санд мэдээлэл хүлээн авах, хадгалах, түүний аюулгүй байдлыг хангах журмыг барилгын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. 

Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна бэ?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР